Эхлэл | Сайтын бүтэц | Хайлт
Харшил өвчний сорил гэж юу вэ?
Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид харшилтөрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшилтөрүүлэгчийг илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд цусыг шинжилж үздэг.
Харшлын сорил нь хамгийн өвөрмөц зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжтой болно.
Хэн харшлын сорил тавиулах шаардлагатай вэ?
Харшил өвчин байж болох доорхи зовиур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүс харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил өвчний шинж тэмдэгт дараах зүйлүүд багтдаг.
Амьсгалын замын шинж тэмдэг: нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
Арьсны шинж тэмдэг: хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
Бусад шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.
Ерөнхийдөө амьсгалын замын харшил төрүүлэгч болох тоосны хачиг, мод, үет ургамал, хогийн ургамлын тоосонцор нь амьсгалын замын харшлын шинж тэмдгийг үүсгэнэ. Харин хоол, хүнсний харшил төрүүлэгч нь арьс болон хоол боловсруулах замын эсвэл анафилаксийн урвалыг үүсгэдэг байна.
Яагаад заавал харшлын сорил тавиулах ёстой вэ?
Таны харшлын шинж тэмдгийг арилгахын тулд эмч нар хамгийн түрүүнд таны харшлын шалтгааныг тогтоох шаардлагатай байдаг. Жишээлбэл: та зөвхөн гэрийн тоосны хачигт харшилтай бол та нохойгоо гэрээсээ хөөж гаргах шаардлагагүй болно.
Харшлын сорил нь таныг юунд харшилтай, юунд харшилгүй байна гэсэн мэдээллийг бүрэн нарийн өгч чадна. Нэгэнт харшлын шинж тэмдгийг үүсгэгч шалтгааныг тодорхойлсны дараа та болон таны эмч тухайн шалтгаанаас зайлсхийх эсвэл шинж тэмдгийг хянах зорилготой хамгийн зохимжтой эмчилгээний төлөвлөгөө гаргах боломжтой болно. Та харшлыхаа шалтгааныг мэдэж түүнийг хянаж чадсанаар таны зовиур мэдэгдэхүйц арилах болно. Бөглөрөх шинж арилснаар тайван нойрсож, өдөр тутмын тань амьдрал байнгийн цээж хэржигнэх, нус гоожих зовиургүй болж, дасгал сургууль хийх, ажлын чадамж тань мэдэгдэхүйц сайжрах болно.
Ямар харшил төрүүлэгчийн сорил тавиулах вэ?
Таны харшлын шинж тэмдэг дараах гол харшил төрүүлэгчдийн аль нэгээр үүсгэгдэж байж болно:
· Тоосны хачигны хэсгүүд
· Гэрийн тэжээвэр амьтдын уураг (арьсны гуужсан эд, шүлс, шээс)
· Мөөгөнцөр (таны гэрт болон гадаад орчинд байгаа)
· Мод, үет болон хогийн ургамал
· Жоомны биеийн хэсэг
Хүнд хэлбэрийн харшлын урвал нь голдуу дараах шалтгаантай байдаг:
· Зөгий, улаан шоргоолж зэрэг хатгуурт шавьжуудын хор
· Хоол хүнс
· Резин, латекс (бээлий, бөмбөлөг)
· Эмийн бодис (пенициллин гэх мэт)
Эдгээр бүх харшил төрүүлэгчид нь уургийн гаралтай бөгөөд харшлын сорил нь таны хариу урвал үзүүлж байж болох эдгээр уургийг илрүүлдэг.
Харшлын сорилын төрөл
Арьс хатгах сорил \Prick Technique\
Хатгах сорил нь харшил төрүүлэгчийн бэлдмэлийг (allergen extract) сорилын зүүгээр хатгах аргаар арьсан дор бага хэмжээгээр оруулах арга юм.
Хэрэв та харшилтай бол өвөрмөц харшил төрүүлэгч нь бие махбодид харшлын гинжин урвал эхлэх шалтгаан болдог.
Харшилтай хүмүүст иммуноглобулин И (IgE-immunoglobulin E) гэж нэрлэгддэг харшлын эсрэг бие байдаг. Харшилтай хүмүүст илэрдэг энэхүү уургийн нэгдэл нь шигүү мөхлөгт эс (mast cell) гэж нэрлэгддэг өвөрмөц эсийг идэвхижүүлж өгдөг. Эдгээр эсээс медиатор (mediators) хэмээх биологийн өндөр идэвхитэй бодисуудыг ялгаруулж байдаг. Ялангуяа улайлт, гүвдрүү үүсгэгч хүчин зүйл болох гистамин ялгарна. Тиймээс харшлын үед гистамины эсрэг бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд сорилын үр дүн буруу гардаг. Хэрэв та харшилтай бол энэхүү улайлт, гүвдрүү нь сорлын үед харшил төрүүлэгч маш бага хэмжээгээр нэвтэрсэн тэр хэсэг газарт л хариу урвал үзүүлэх байдлаар илэрдэг. Тиймээс хэрэв та нохойнд биш зөвхөн шарилжинд харшилтай бол, тэрхүү гүвдрүү нь шарилжны уусмал хүрсэн тэр хэсэгт улайж, бага зэрэг загатнах, жижиг хэмжээтэй бэлцрүү илрэх байдлаар үүсдэг бол нохойныхд хэвээр үлддэг.
Энэхүү урвал нь таны бие махбодид түргэн зуур явагдах бөгөөд сорилын үр дүнг 15 минутанд гаргах боломжтой байдаг. Тиймээс та удаан хугацааны турш өөрийхөө юунд харшилтайг ажиглаж, хайж явах шаардлагагүй. Сорилын үед улайх, бага зэрэг бэлцрүү үүсэлтээс өөр шинж тэмдэг илрэхгүй бөгөөд энэ нь 30-аад минутын дотор арилдаг.
Аэроаллергенээр сорил хийнэ.